Зөөлөн зүрх

Миний санаа бодол болон уран бүтээлүүд

  • tsag hugatsaa bugdiig emchilne

    8 сар 2008
    Д М Л П Б Б Н
    « 7 сар   12 сар »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031

Архив 8 сар, 2008

Миний буруу

Бичсэн saraana , 8 сарын 26, 2008

Би нээг их улс төржөөд байдаггүй л дээ. Гэтэл Монголын байгаа байдал өөрийн бяцхан орон зайд өөрийн бодол санааг үлдээх шаардлага гаргаж ирээд байх юм
Энэ Монголд юу болоод байгаа юм мэдэхгүй ээ. Миний мэддэгээс хэтэрсэн зүйл л болоод байх шиг байна. 7 сарын 2-ний жагсаал хэнд хожил авчрав. Бүгд хохирогч болчихоод энд тэндгүй жагсаал цуглаан хийгээд байхшив дээ. Буудаж алсан алуурчин хэн байв, жагсаал зохион байгуулсан нь хэн байв, бас жагсаал дунд үймээн дэгдээсэн нь хэн байв. Энэ алга дарамхан Улаанбаатар хотдоо ажиллаж амьдарч байгаа хэрнээ шударга үнэнийг тунгаах чадал хүрэхгүй юм. Үгүй нээрээ Монголчууд ч амар юм даа. Таван хүн нэгдээд л жагсаал цуглаан хийчихэж байгаа юм чинь. Удахгүй гэмт хэрэг хийсэн хоригдол нөхрийгөө суллуулахаар эмэгтэйчүүд ч цуглаан зохиож хилс хэрэг байсан гээд л ярихад хүртэл боломжийн болчихож. Төрийн төмөр нүүр эдэнд үйлчлэхгүйгээр барахгүй бараг доромжилсон, эмэгтэй хүнд хүч хэрэглэсэн гээд л радио телевизээр цацаж, хэвлэлийн бага хурал хийлгээд л.. нөгөө хэдэн лойчихсон төрийнхөн цагдаагийнхан, шүүхийнхэн хэн ч энэ асуудлыг шийдэж чадахгүй нэг нэгэнлүүгээ чихээд л.. тэгээд л жагссан эмэгтэйчүүд нь нөхрүүдээ гаргаж авсан юм ч байхгүй. Төр засгаас тоймтой хариу хэлэлгүй, сэтгэлийн хөөрөл нь дарагдаж хэвлэлийнхэнд хуучрагдаад ирэхээрээ л нэг юм өөрсдөө болих байх даа. 
7 сарын 2-ны жагсаалд үймээн дэгдээж  баригдсан хэд нь ямар ч буруугүй учраас суллуулах гэж ар гэрийнхэн нь дуугүй суулт хийж байна, нас барсан таван хүнд мөн ямарч буруу байхгүй учраас ар гэрийнхэн нь амыг нь нэхэмжлэн хэвлэлийн бага хурал зарлан бас тэмцэл нь үүгээр зогсохгүй гэнэ. Баривчлагдсан цагдаа нараа өмөөрч ар гэрийнхэн болон төрийн цагдаа нар олимпийн шуугианд дарагдалгүй хүйтэн бороог ажралгүй зогсоод сүүлд нь төрийн албаныхныг ажлын байрнаас нь гаргалгүй барьцаалах дөхөж, жинхэнэ 7 сарын 2-ны жагсаалыг өдөөсөн гэж баригдсан хоёрыгоо зорилго нэгт  нөхөд нь өмөөрч байн байн сүр дуулиантай хэвлэлийн бага хурал хийлгэж нэг нь гарангуутаа төрийн эрх барих гэж байгаа нам руу дахин довтолсон хурц үгээр далайв. Харин нөгөө нам нь дүү намуудаа буруутган өөрийн намын байрыг шатаалгасан 60 тэрбум төгрөгний хохирогч болж үлдэв. Буруутгагдаж байгаа ардчилсан нам нь тас гөжиж УИХ-ийн анхдугаар чуулганыг тасалдуулж сонгуулийн бузар булхайг дэлгэн сонгуулийн будлианаар хэлсдсэн нөхдөө чуулганд оруулах боломжгүй бас нэг хохирогч болов. Энэ арзайсан аалзны тор шиг болсон үйл явдлуудын учгыг тайлах хүн энэ Монголд байна уу?
Миний бодлоор хохирогч нь ард түмэн, буруутан нь бас л бид болж таараад байх шиг. 
Тийм шүү дээ. Худлаа баахан цэцэрхээд /цэцэрхэх ч гэж дээ үнэнийг ярьцгаар мөртлөө / гараад туг бариад жагсах нь битгий хэл өөрийн ажил, талхны булангаа илүүд үзээд байгаа биш үү. Жагссан нэгнийгээ / иргэний хөдөлгөөнүүдийг хэлж байна / бас л тэмцлийн буруу хэлбэр, зорилго нь өөр, энэ хөдөлгөөнийхөнтэй санал нийлдэггүй  гэх мэтээр буруутгана. Ямар хөдөлгөөн тэмцлийг хүлээгээд байгаа юм бүү мэд. Чингис хаан шиг хүн гарч ирэхийг үү? Магадгүй Чингис хаан шиг удирдагч гараад ирсэн ч Чингис биш гээд л өөрийнхөөрөө зүтгэцгээнэ дээ. Би ийм ард түмний нэг хэсэг нь,  төр минь түмэн нүдгүй үнэн худлыг шүүх чадваргүй болсонд миний юманд нүдэн балай чихэн дүлий ханддаг байдал их нөлөөлсөн байх аа.  Би буруутай….

Бүлэг my mind | 8 Сэтгэгдэл »

Намар оройн дурсамж…

Бичсэн saraana , 8 сарын 20, 2008

 Хавар нь ороогүй бороо
Намартаа яагаад шаагина вэ
Хавар нь дэлбээлээгүй дэлбээ
Намартаа яагаад ургана вэ

Хөөх өнөөдөр гадаа бороо ороод ямар сайхан байна аа? Өглөө эртлэн босоод хамаг онгорхой цоорхой бүхнээ нээж борооны үнэр шингэсэн байгалийн орги агаар оруулах чинь ямар сайхан юм бэ?
Тэртээх бага насны дурсамж санагдуулсан энэ намрын бороо гэж….
Бороо орсон үед хөдөө байхад их гунигтай хаа саагүй манан татаад хүйтэн бороо цутгана. Хонь маландаа яваа хүн опу /цэргийн борооны цув бөгөөд бүх биеийг халхалдаг гуталтайгаа ирдэг тийм цув / цув өмсөж явахгүй л бол нэвт норж осгож ч мэднэ. Харин гэрт үлдсэн хэд нь хийж ажилгүй гэрт тэртээ тэргүй дайрч орж ирэх усыг хаяагаа сөхөн оруулж ирээд хаяагаа сөхөн гаргана. Шал байхгүй учраас доогуур дэвссэн гудас дэвсгэрээ зайчуулаад л гүйцээ. Үхэрнүүд ч хол бэлчээрлэх дургүй борооны чиглэл уруудан толгойгоо харуулан нүдээ хагас аниатай бөмбөгөнтөл чичрэсэн мөртөө хээв нэг хивнэ.  Хэдэн тугал л хэцүүднэ дээ. Юун бэлчээрт гарах берзентэн нэмнээгээр нэмнээд банаг руу оруулна. Банаг байхгүй бол гэр даган хургана. Би ч аймгийн төвд байгаа гэрээ болон ээжийгээ санаж хурдан гэртээ харихын мөрөөсөл болно доо. Нууцхан уйлна. Хуурай газар мөрөөдөнө.  Харин хөдөөнийхөнд бол хонины хишигтэй хүнээс бусдад нь хийх ажил байхгүй болж будаатай банштай цай чанан өдөржингөө хөзөрдөж даалууддаг юм. Хэ хэ дурсамжаа өндөрлөе дөө.

Бороо шаагиад л түүний дууг нь сонсоод миний ядаргаа бараг тайлагддаг юм аа. Учир нь би бороонд дуртай. Бүр их ороосоо гэж боддог юм. Бороо их орох тусмаа олон өдөр дараалах тусам энэ дэлхий эл хуль оргиод л сэтгэлд бяцхан гуниг хуралдаад л нар гарахыг хүлээгээд л гоё ш дээ. Бороо орохоос бусад үед байгаль дэлхийгээ бараг мартчихдаг гэхэд хэлсдэхгүй. Нөгөө л их ажил дарагдсан хүмүүс нар гарч байна уу? үүлний цаагуур орж байна уу, эсвэл жаргаж байгааг нь ч харах сөхөөгүй. Харин бороо орохоор харин ч нэг мэдэрч эхлэнэ дээ.
Ийм боломж өгч байгаа дээр нь ажил амжихгүйнээ гэж уурлаж бухимдах биш байгалийг мэдэр л дээ. Бид ертөнцийн нэг хэсэг шүү дээ.
Бороо шаагисаар л …..

Бүлэг dursamj, my diary | 7 Сэтгэгдэл »

Аминчхан яриа /зөвхөн хүүхнүүдэд /

Бичсэн saraana , 8 сарын 19, 2008

Төрөхөд учир бий
За та бүхэнд яаж амаржсан талаараа ярихгүй бол болохгүйнээ. Учир нь та бүхэнд сургамж болох үүднээс. Та бүхэн төрсөн ч бай төрөөгүй ч бай дараа хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болно шүү дээ.
Ямарч байсан нэгдүгээрт сайн таньдаг эмч дээрээ л төрөх хэрэгтэй шүү. Монгол бүх зүйл баталгаагүй болчихсон цагт, бүр эртнээс 32 долоо хоногтой байхдаа эмчээ сонгож байнга очиж хянуулж байх нь чухал юм байна лээ. Таньдаг эмчгүй бол хүнээр дамжуулаад ч хамаагүй нэг эмчтэй их зузаан болох хэрэгтэй юм байна лээ.
Би ч нэг эмч таньдаг ухаантай болохоор  төрөх дөхөөд ирэхээр түүндээ байнга үзүүлж байлаа. Би урд нь хүүгээ 4 цаг өвдөөд гаргаж байлаа. Түүн шигээ санаад өөрөөрөө төрнө гэж бодоод явж байсан юм тэгсэн чинь 7 сарын 9-нд өглөөгүүр маш хүчтэй өвдөж эхэлдэг юм байна. Тэгээл нөгөө эмчээ гэрээс нь аваад төрөх эмнэлэг дээрээ очсон чинь 36 долоо хоногтой дутуу төрөх нь гээд өвдөлт намжаах баахан эм бичиж өгөөд гаргав. Эхогоор харуулсан чинь ус багатай байна гээд наадмын дараа баахан хэвтлээ. Тэгээд эмнэлэгээс гараад дүүргийнхээ эрүүл мэндийн төв, таньдаг эмч хоёр луугаа байнга гүйгээстэй. Би уул нь ингэж сүйд бололгүй байж байгаад шууд өвдөөд гаргадаг байсан чинь өөрийгөө ингэж янз бүр болж маяглаж төрнө гэж зүүдлээ ч үгүй. Төрөх дөхөөд ирэхээр хэзээ өвдөх бол гэж бодоод биеэ чагнаад гэртээ бүгээд л байж байлаа. Найз нөхөд хамаатан садангууд бараг худлаа хэлсэн хүнд 10 минутын зайтай утасдаад л… нэг л асуулт асууна. Яаж байна төрсөн үү гэж сүүлдээ бүр уур хүрээд битгий утасдаарай төрөнгүүтээ би өөрөө хэлье наана нь битгий асуугаад бай гэж загнах аястай хэлж байгаа юм биш үү.  Төрөхөөс 2 хоногийн өмнө доошоо маш бага хэмжээтэй шингэн зүйл гарч эхлэв. Хүүгээ гаргахад ус нь бараг 500 грам шахуу шууд гарчихсан болохоор тоосон ч үгүй биеэ харзнав. Тэгснээ гэнэтхэн жилийн өмнөхөн ажлын газрын хүүхний төрөхдөө яасан талаар бодоод эмчид үзүүлхээр шийдэв. Тэр хүүхэн 3 удаа төрчихөөд 4 дэх охиноо тээж төрөх дөхөхдөө ус нь бага багаар гарсаар байгаад усгүй болсныг нь мэдэлгүй хүүхэд нь бүтэлттэй төрөөд нэг хэсэг  эмнэлэгээс салаагүй билээ. Очоод эхний ээлжинд таньдаг эмчээ дуудахыг төдий л төвдсөнгүй, зүгээр байхдаа дахин дахин сандаргаад байлтай биш жижүүрийн эмчид үзүүлэв. Савны амсар 1.5 см нээлттэй бас ус чинь гараагүй салиа нь шингэрч гарч байна гэлээ. Тэгэхээр нь  гэртээ очоод байж байтал бас бишээ. Жаахан жаахнаар шингэж зүйл гарсаар… оройн 4 цагт бас очиж үзүүлэхэд нөгөө жижүүр эмч их уурлах янзтай, өвдөлт чинь их ойрхон болж байж суухын аргагүй болтлоо өвдсөн үед ирээрэй наадах чинь ус гарч байгаа хэрэг биш гээд огт халгаасангүй. Маргааш нь биеэ харж өнжлөө. Ээж ирж баавгайн савар өгөв. Бас хурдан өвдөлт өгдөг домтой юм гэнэ. Түүгээр нь гэдсээ маажсаар улаан эрээн болгосон ч өвдөлт байдаггүй. Шингэн зүйл гарахгүй л байв. Тэгтэл тэр шөнөдөө жаахан жаахнаар гарсаар.. Ядаж байхад нөхөр яаралтай ажлаар явчихсан, гэртээ ганцаараа болохоор өглөө болохыг хүлээлээ. өглөө хамгийн түрүүнд очиж үзүүлэхэд нөгөө жижүүрийн эмчийн ээлж байж дахин үзүүллээ. Одоо нөгөөдөх чинь огт өөр юм хэлж байна. Ус нь гарч байх шиг байна ЭХО-д  харуул манай эхо эвдэрсэн 5 мянгаар хардаг эхоны эмч амралтаа авсан. Төрхийн араар тойроод явахаар 10 мянгийн эхо байгаа тийшээ очиж үзүүлчихээд ир гэж байна. Төрөх эс төрөхийн зааг дээр байгаа тохиолдолд тэр мөнгө төгрөг нэг их сүйдтэй зүйл биш л дээ. Монголдоо тэргүүний төрөх эмнэлэг байж дотроо эхо-гүй л байгаа юм даа. Шөнийн цагаар ирвэл яах юм бүү мэд. Нөгөө ЭХО-д нь харуулбал харин ч сайн эмч байж хурдан харж өглөө. Аль хананд нь ус илрээгүй буюу усгүй болсон байна гэнэ. Бүр уйлах гэж байгаа юм чинь, ганцаараа байгааг хэлэх үү. Жижүүрийн эмч дээр очхоосоо өмнө таньдаг эмчээ дуудлаа. Тэр ч хурдан ирээд ус байхгүй бол хурдан төрөх хэрэгтэй гэжийнэ. Төрөх эмч тэргүүлэх эмч мэтээр нь үзүүлж байгаад кесевороор төрөхөөр болов. Учир нь өвдөлт огт өгөхгүй байгаа учир өвдөлт өгдөг тариа хийж өөрөөрөө төрөх гэсээр байтал усгүй орчинд хүүхэд бүтэх аюултай гэнэ. Ингээд л кесевороор төрсөн дөө. Надад яагаад би зүгээр төрж болоогүй юм болдоо гэх бодол төрж байсан. Ингээд доорхи гурван дүгнэлтэнд хүрсэн шүү.
1. Эрүүд мэндийн даатгал төлөх хэрэг байна уу гэсэн бодол. Учир бид сар болгоны цалин дээрээс энэхүү даатгалын мөнгийг суутгуулдаг. Тушаасан мөнгөнөөсөө илүү биш юм аа гэхэд тэнцүү хэмжээний үйлчилгээг эмнэлэгээс авч чаддаггүй юм байна лээ шүү. Эмнэлэгт хэвтсэн ч хамгийн үнэтэй тариа нь байдаггүй дандаа гаднаас төрөх эхчүүд худалдаж авдаг. 
2. Эмч нарын хариуцлаггүй байдал. өвдөөд хариулж сэхээгүй эх нараас анх биений чинь юм хэдэн настайд ирсэн гээд л 2-3 хуудас юм бөглүүлнэ шүү дээ. За энэ ч яахав. Яагаад эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж болдоггүй юм бол оо. Хүний амь явж байгаа шүү дээ. Эсвэл өөр зүйл хараад байдаг юм болов уу? Угаасаа юм өгч сураагүй болохоор яаж өгөх ч юм билээ. Олон хүн цугларсан газар улаан цайм мөнгө атгуулалтай биш. Би авилгал энэ тэрд үнэн дургүй ч амь насны холбоотой асуудал дээр өгөхгүй гээд ч яах билээ.
3. Өөрийн эрүүл мэнд. Би хэзээ ч бие султай байгаагүй. Тэгээд яагаад өөрөөрөө төрж чадаагүй юм бол оо гэж. Идэх хоол,  уух ус амьсгалах агаар, орчны нөлөө компьютер, эрх мэдэл гэх мэт олон зүйл төрөлтөд  нөлөөлдөг болсон учраас жирэмсний сүүлийн сарууддаа сэрэмжтэй байгаарай хүүхнүүдээ.
Бас нээрээ мартах нь гэсэн хэдий ч би сайхан төрсөн. Миний хагалгааг амжилттай хийсэн 3 эмчдээ баярласан шүү. Баярлалаа гэж хэлэх сөхөө ч байгаагүй. Мааш их баярласан. Хэрэв та төрөхөд танил эмч байхгүй бол 500 мянган  төгрөг төрөхдөө бэлдэж хадгалаарай. Илүүдэхгүй шүү. Төрөхөд л ийм орчим зардал гарна. Төрсний дараах хүүхдийн арчилгаа энэ тэрийн мөнгө ороогүй болно. 

Бүлэг my diary | 6 Сэтгэгдэл »

Нар сартай дэлхий

Бичсэн saraana , 8 сарын 19, 2008

Цэмцгэр багахан охин үр минь нартад мэндэллээ /дууны үг /
Сэтгэл өег, нэг л сайхан. Хэдий ядарч байвч бүх зүйл минь хайраар гэрэлтээд л би ээж хүн гэдгээ дахин мэдэрч байна оо. Би хөөрхөн охинтой боллоо. Түүний минь нялх багын үнэр ханхалж энэ үнэрт нь шунасан хүн болгон үнсэх гээд л.. түүнийгээ хараад хараад ханахгүй түүний төлөө юу ч хийхээс буцахгүй хайр төрөөд. Хэдийгээр жижигхэн нүд, туниа муутай гар, туранхай хөл нь энэ ертөнцөд гарч ирээд 21 хан хонож байгаа ч амьдралыг амтлаад түүндээ дасаад эхэлчихжээ. Түүний нойрондоо хөөрхөн үнэгчилж байгаа нь бас уйлах гээд үрчийж байгаа нь хүртэл танил болчихож.  Анх хүүгээ гаргахдаа нөхөр бид хоёр хоёулаа хүүхэд байсан болохоор хоёулаа хүүгээ асарч хоёр гурван сар нойргүй хонодог байлаа. Одоо арай туршлагажаад нөхрөө өөр өрөөнд унтуулаад би охиноо асарч байсан . гуч гарсан эрийг тэртэй тэргүй их ажилтай байхад нь ядраагаад яахав дээ гэж бодох юм аа. Овоо туршлагажсан болохоор би хүртэл шөнөдөө сайн унтаж байна даа. Охин маань уйлах нь гайгүй юм. Мөөмөө хөхчихөөд л унтаад сэрүүндээ хэвтээд л байна. Хэнтэй адилхан байна гэж хүн болгон асуух юм. Нүд хөмсөг уруул нь надтай адилхан хамар чих нь аавтайгаа адилхан тийм нэг цаанаасаа л нэг айлгүй охин болох шинжтэй. Нярай хүүхэд нойрондоо инээхийг үнэгчлэнэ гэхэд нь би ойлгохгүй бага байхдаа ээжээсээ асууж билээ.
— ээжээ яагаад жаахан хүүхдийг инээж байхад үнэгчлэнэ гэхэд юм бэ? Туулайчлана гэж болдоггүй юм уу? Яагаад заавал үнэг гэж асуухад ээж минь
— эсгий үнэг нь хүүхэдтэй ярьдаг юм байхгүй юу? Аан би одоо  ээжийг чинь аваад явна даа гэхээр хүүхэд нойрондоо уйлж, үгүй үгүй орхиод явлаа гэхээр нойрондоо инээдэг юм гэсэн. Тэгээд л инээхийг нь үнэгчлэнэ гэдэг болсон гэсэн
миний охин одоо тайван нойрсоод үе үехэн үнэгчилж байна. Намайг үнэг авч явахгүй гэж тэрэнд минь хэлж байгаа юм байх даа. :) 
Би урьд нь дэлхийгээ олсон. Олчихоод дээр нь арга эвийг нь олж амьдрах гэж хэсэг хугацааг өнгөрүүлсэн.  дараа нь амьдралыг минь гийгүүлэгч нартай болсон. Нарандаа дасах гэж нараа хамгаалах гэж 8 жил болсон.  Одоо тэргэл сартай боллоо. Түүнийгээ ч бас хамгаалах гэж түүндээ дасах гэж хэсэг хугацааг өнгөрөөх байх даа. Тэгээд энэ гуравтайгаа хамтран аз жаргалыг бүтээх гэж бүх насаараа тэмцэх болно оо.  Амьдрал үргэлжилсээр бас эхэлсээр….

Бүлэг my diary | 4 Сэтгэгдэл »