Зөөлөн зүрх

Миний санаа бодол болон уран бүтээлүүд

  • tsag hugatsaa bugdiig emchilne

    1 сар 2009
    Д М Л П Б Б Н
    « 12 сар    
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  

Архив 'my diary' Бүлэг


Намар оройн дурсамж…

Бичсэн saraana , 8 сарын 20, 2008

 Хавар нь ороогүй бороо
Намартаа яагаад шаагина вэ
Хавар нь дэлбээлээгүй дэлбээ
Намартаа яагаад ургана вэ

Хөөх өнөөдөр гадаа бороо ороод ямар сайхан байна аа? Өглөө эртлэн босоод хамаг онгорхой цоорхой бүхнээ нээж борооны үнэр шингэсэн байгалийн орги агаар оруулах чинь ямар сайхан юм бэ?
Тэртээх бага насны дурсамж санагдуулсан энэ намрын бороо гэж….
Бороо орсон үед хөдөө байхад их гунигтай хаа саагүй манан татаад хүйтэн бороо цутгана. Хонь маландаа яваа хүн опу /цэргийн борооны цув бөгөөд бүх биеийг халхалдаг гуталтайгаа ирдэг тийм цув / цув өмсөж явахгүй л бол нэвт норж осгож ч мэднэ. Харин гэрт үлдсэн хэд нь хийж ажилгүй гэрт тэртээ тэргүй дайрч орж ирэх усыг хаяагаа сөхөн оруулж ирээд хаяагаа сөхөн гаргана. Шал байхгүй учраас доогуур дэвссэн гудас дэвсгэрээ зайчуулаад л гүйцээ. Үхэрнүүд ч хол бэлчээрлэх дургүй борооны чиглэл уруудан толгойгоо харуулан нүдээ хагас аниатай бөмбөгөнтөл чичрэсэн мөртөө хээв нэг хивнэ.  Хэдэн тугал л хэцүүднэ дээ. Юун бэлчээрт гарах берзентэн нэмнээгээр нэмнээд банаг руу оруулна. Банаг байхгүй бол гэр даган хургана. Би ч аймгийн төвд байгаа гэрээ болон ээжийгээ санаж хурдан гэртээ харихын мөрөөсөл болно доо. Нууцхан уйлна. Хуурай газар мөрөөдөнө.  Харин хөдөөнийхөнд бол хонины хишигтэй хүнээс бусдад нь хийх ажил байхгүй болж будаатай банштай цай чанан өдөржингөө хөзөрдөж даалууддаг юм. Хэ хэ дурсамжаа өндөрлөе дөө.

Бороо шаагиад л түүний дууг нь сонсоод миний ядаргаа бараг тайлагддаг юм аа. Учир нь би бороонд дуртай. Бүр их ороосоо гэж боддог юм. Бороо их орох тусмаа олон өдөр дараалах тусам энэ дэлхий эл хуль оргиод л сэтгэлд бяцхан гуниг хуралдаад л нар гарахыг хүлээгээд л гоё ш дээ. Бороо орохоос бусад үед байгаль дэлхийгээ бараг мартчихдаг гэхэд хэлсдэхгүй. Нөгөө л их ажил дарагдсан хүмүүс нар гарч байна уу? үүлний цаагуур орж байна уу, эсвэл жаргаж байгааг нь ч харах сөхөөгүй. Харин бороо орохоор харин ч нэг мэдэрч эхлэнэ дээ.
Ийм боломж өгч байгаа дээр нь ажил амжихгүйнээ гэж уурлаж бухимдах биш байгалийг мэдэр л дээ. Бид ертөнцийн нэг хэсэг шүү дээ.
Бороо шаагисаар л …..

Бүлэг dursamj, my diary | 7 Сэтгэгдэл »

Аминчхан яриа /зөвхөн хүүхнүүдэд /

Бичсэн saraana , 8 сарын 19, 2008

Төрөхөд учир бий
За та бүхэнд яаж амаржсан талаараа ярихгүй бол болохгүйнээ. Учир нь та бүхэнд сургамж болох үүднээс. Та бүхэн төрсөн ч бай төрөөгүй ч бай дараа хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болно шүү дээ.
Ямарч байсан нэгдүгээрт сайн таньдаг эмч дээрээ л төрөх хэрэгтэй шүү. Монгол бүх зүйл баталгаагүй болчихсон цагт, бүр эртнээс 32 долоо хоногтой байхдаа эмчээ сонгож байнга очиж хянуулж байх нь чухал юм байна лээ. Таньдаг эмчгүй бол хүнээр дамжуулаад ч хамаагүй нэг эмчтэй их зузаан болох хэрэгтэй юм байна лээ.
Би ч нэг эмч таньдаг ухаантай болохоор  төрөх дөхөөд ирэхээр түүндээ байнга үзүүлж байлаа. Би урд нь хүүгээ 4 цаг өвдөөд гаргаж байлаа. Түүн шигээ санаад өөрөөрөө төрнө гэж бодоод явж байсан юм тэгсэн чинь 7 сарын 9-нд өглөөгүүр маш хүчтэй өвдөж эхэлдэг юм байна. Тэгээл нөгөө эмчээ гэрээс нь аваад төрөх эмнэлэг дээрээ очсон чинь 36 долоо хоногтой дутуу төрөх нь гээд өвдөлт намжаах баахан эм бичиж өгөөд гаргав. Эхогоор харуулсан чинь ус багатай байна гээд наадмын дараа баахан хэвтлээ. Тэгээд эмнэлэгээс гараад дүүргийнхээ эрүүл мэндийн төв, таньдаг эмч хоёр луугаа байнга гүйгээстэй. Би уул нь ингэж сүйд бололгүй байж байгаад шууд өвдөөд гаргадаг байсан чинь өөрийгөө ингэж янз бүр болж маяглаж төрнө гэж зүүдлээ ч үгүй. Төрөх дөхөөд ирэхээр хэзээ өвдөх бол гэж бодоод биеэ чагнаад гэртээ бүгээд л байж байлаа. Найз нөхөд хамаатан садангууд бараг худлаа хэлсэн хүнд 10 минутын зайтай утасдаад л… нэг л асуулт асууна. Яаж байна төрсөн үү гэж сүүлдээ бүр уур хүрээд битгий утасдаарай төрөнгүүтээ би өөрөө хэлье наана нь битгий асуугаад бай гэж загнах аястай хэлж байгаа юм биш үү.  Төрөхөөс 2 хоногийн өмнө доошоо маш бага хэмжээтэй шингэн зүйл гарч эхлэв. Хүүгээ гаргахад ус нь бараг 500 грам шахуу шууд гарчихсан болохоор тоосон ч үгүй биеэ харзнав. Тэгснээ гэнэтхэн жилийн өмнөхөн ажлын газрын хүүхний төрөхдөө яасан талаар бодоод эмчид үзүүлхээр шийдэв. Тэр хүүхэн 3 удаа төрчихөөд 4 дэх охиноо тээж төрөх дөхөхдөө ус нь бага багаар гарсаар байгаад усгүй болсныг нь мэдэлгүй хүүхэд нь бүтэлттэй төрөөд нэг хэсэг  эмнэлэгээс салаагүй билээ. Очоод эхний ээлжинд таньдаг эмчээ дуудахыг төдий л төвдсөнгүй, зүгээр байхдаа дахин дахин сандаргаад байлтай биш жижүүрийн эмчид үзүүлэв. Савны амсар 1.5 см нээлттэй бас ус чинь гараагүй салиа нь шингэрч гарч байна гэлээ. Тэгэхээр нь  гэртээ очоод байж байтал бас бишээ. Жаахан жаахнаар шингэж зүйл гарсаар… оройн 4 цагт бас очиж үзүүлэхэд нөгөө жижүүр эмч их уурлах янзтай, өвдөлт чинь их ойрхон болж байж суухын аргагүй болтлоо өвдсөн үед ирээрэй наадах чинь ус гарч байгаа хэрэг биш гээд огт халгаасангүй. Маргааш нь биеэ харж өнжлөө. Ээж ирж баавгайн савар өгөв. Бас хурдан өвдөлт өгдөг домтой юм гэнэ. Түүгээр нь гэдсээ маажсаар улаан эрээн болгосон ч өвдөлт байдаггүй. Шингэн зүйл гарахгүй л байв. Тэгтэл тэр шөнөдөө жаахан жаахнаар гарсаар.. Ядаж байхад нөхөр яаралтай ажлаар явчихсан, гэртээ ганцаараа болохоор өглөө болохыг хүлээлээ. өглөө хамгийн түрүүнд очиж үзүүлэхэд нөгөө жижүүрийн эмчийн ээлж байж дахин үзүүллээ. Одоо нөгөөдөх чинь огт өөр юм хэлж байна. Ус нь гарч байх шиг байна ЭХО-д  харуул манай эхо эвдэрсэн 5 мянгаар хардаг эхоны эмч амралтаа авсан. Төрхийн араар тойроод явахаар 10 мянгийн эхо байгаа тийшээ очиж үзүүлчихээд ир гэж байна. Төрөх эс төрөхийн зааг дээр байгаа тохиолдолд тэр мөнгө төгрөг нэг их сүйдтэй зүйл биш л дээ. Монголдоо тэргүүний төрөх эмнэлэг байж дотроо эхо-гүй л байгаа юм даа. Шөнийн цагаар ирвэл яах юм бүү мэд. Нөгөө ЭХО-д нь харуулбал харин ч сайн эмч байж хурдан харж өглөө. Аль хананд нь ус илрээгүй буюу усгүй болсон байна гэнэ. Бүр уйлах гэж байгаа юм чинь, ганцаараа байгааг хэлэх үү. Жижүүрийн эмч дээр очхоосоо өмнө таньдаг эмчээ дуудлаа. Тэр ч хурдан ирээд ус байхгүй бол хурдан төрөх хэрэгтэй гэжийнэ. Төрөх эмч тэргүүлэх эмч мэтээр нь үзүүлж байгаад кесевороор төрөхөөр болов. Учир нь өвдөлт огт өгөхгүй байгаа учир өвдөлт өгдөг тариа хийж өөрөөрөө төрөх гэсээр байтал усгүй орчинд хүүхэд бүтэх аюултай гэнэ. Ингээд л кесевороор төрсөн дөө. Надад яагаад би зүгээр төрж болоогүй юм болдоо гэх бодол төрж байсан. Ингээд доорхи гурван дүгнэлтэнд хүрсэн шүү.
1. Эрүүд мэндийн даатгал төлөх хэрэг байна уу гэсэн бодол. Учир бид сар болгоны цалин дээрээс энэхүү даатгалын мөнгийг суутгуулдаг. Тушаасан мөнгөнөөсөө илүү биш юм аа гэхэд тэнцүү хэмжээний үйлчилгээг эмнэлэгээс авч чаддаггүй юм байна лээ шүү. Эмнэлэгт хэвтсэн ч хамгийн үнэтэй тариа нь байдаггүй дандаа гаднаас төрөх эхчүүд худалдаж авдаг. 
2. Эмч нарын хариуцлаггүй байдал. өвдөөд хариулж сэхээгүй эх нараас анх биений чинь юм хэдэн настайд ирсэн гээд л 2-3 хуудас юм бөглүүлнэ шүү дээ. За энэ ч яахав. Яагаад эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж болдоггүй юм бол оо. Хүний амь явж байгаа шүү дээ. Эсвэл өөр зүйл хараад байдаг юм болов уу? Угаасаа юм өгч сураагүй болохоор яаж өгөх ч юм билээ. Олон хүн цугларсан газар улаан цайм мөнгө атгуулалтай биш. Би авилгал энэ тэрд үнэн дургүй ч амь насны холбоотой асуудал дээр өгөхгүй гээд ч яах билээ.
3. Өөрийн эрүүл мэнд. Би хэзээ ч бие султай байгаагүй. Тэгээд яагаад өөрөөрөө төрж чадаагүй юм бол оо гэж. Идэх хоол,  уух ус амьсгалах агаар, орчны нөлөө компьютер, эрх мэдэл гэх мэт олон зүйл төрөлтөд  нөлөөлдөг болсон учраас жирэмсний сүүлийн сарууддаа сэрэмжтэй байгаарай хүүхнүүдээ.
Бас нээрээ мартах нь гэсэн хэдий ч би сайхан төрсөн. Миний хагалгааг амжилттай хийсэн 3 эмчдээ баярласан шүү. Баярлалаа гэж хэлэх сөхөө ч байгаагүй. Мааш их баярласан. Хэрэв та төрөхөд танил эмч байхгүй бол 500 мянган  төгрөг төрөхдөө бэлдэж хадгалаарай. Илүүдэхгүй шүү. Төрөхөд л ийм орчим зардал гарна. Төрсний дараах хүүхдийн арчилгаа энэ тэрийн мөнгө ороогүй болно. 

Бүлэг my diary | 6 Сэтгэгдэл »

Нар сартай дэлхий

Бичсэн saraana , 8 сарын 19, 2008

Цэмцгэр багахан охин үр минь нартад мэндэллээ /дууны үг /
Сэтгэл өег, нэг л сайхан. Хэдий ядарч байвч бүх зүйл минь хайраар гэрэлтээд л би ээж хүн гэдгээ дахин мэдэрч байна оо. Би хөөрхөн охинтой боллоо. Түүний минь нялх багын үнэр ханхалж энэ үнэрт нь шунасан хүн болгон үнсэх гээд л.. түүнийгээ хараад хараад ханахгүй түүний төлөө юу ч хийхээс буцахгүй хайр төрөөд. Хэдийгээр жижигхэн нүд, туниа муутай гар, туранхай хөл нь энэ ертөнцөд гарч ирээд 21 хан хонож байгаа ч амьдралыг амтлаад түүндээ дасаад эхэлчихжээ. Түүний нойрондоо хөөрхөн үнэгчилж байгаа нь бас уйлах гээд үрчийж байгаа нь хүртэл танил болчихож.  Анх хүүгээ гаргахдаа нөхөр бид хоёр хоёулаа хүүхэд байсан болохоор хоёулаа хүүгээ асарч хоёр гурван сар нойргүй хонодог байлаа. Одоо арай туршлагажаад нөхрөө өөр өрөөнд унтуулаад би охиноо асарч байсан . гуч гарсан эрийг тэртэй тэргүй их ажилтай байхад нь ядраагаад яахав дээ гэж бодох юм аа. Овоо туршлагажсан болохоор би хүртэл шөнөдөө сайн унтаж байна даа. Охин маань уйлах нь гайгүй юм. Мөөмөө хөхчихөөд л унтаад сэрүүндээ хэвтээд л байна. Хэнтэй адилхан байна гэж хүн болгон асуух юм. Нүд хөмсөг уруул нь надтай адилхан хамар чих нь аавтайгаа адилхан тийм нэг цаанаасаа л нэг айлгүй охин болох шинжтэй. Нярай хүүхэд нойрондоо инээхийг үнэгчлэнэ гэхэд нь би ойлгохгүй бага байхдаа ээжээсээ асууж билээ.
— ээжээ яагаад жаахан хүүхдийг инээж байхад үнэгчлэнэ гэхэд юм бэ? Туулайчлана гэж болдоггүй юм уу? Яагаад заавал үнэг гэж асуухад ээж минь
— эсгий үнэг нь хүүхэдтэй ярьдаг юм байхгүй юу? Аан би одоо  ээжийг чинь аваад явна даа гэхээр хүүхэд нойрондоо уйлж, үгүй үгүй орхиод явлаа гэхээр нойрондоо инээдэг юм гэсэн. Тэгээд л инээхийг нь үнэгчлэнэ гэдэг болсон гэсэн
миний охин одоо тайван нойрсоод үе үехэн үнэгчилж байна. Намайг үнэг авч явахгүй гэж тэрэнд минь хэлж байгаа юм байх даа. :) 
Би урьд нь дэлхийгээ олсон. Олчихоод дээр нь арга эвийг нь олж амьдрах гэж хэсэг хугацааг өнгөрүүлсэн.  дараа нь амьдралыг минь гийгүүлэгч нартай болсон. Нарандаа дасах гэж нараа хамгаалах гэж 8 жил болсон.  Одоо тэргэл сартай боллоо. Түүнийгээ ч бас хамгаалах гэж түүндээ дасах гэж хэсэг хугацааг өнгөрөөх байх даа. Тэгээд энэ гуравтайгаа хамтран аз жаргалыг бүтээх гэж бүх насаараа тэмцэх болно оо.  Амьдрал үргэлжилсээр бас эхэлсээр….

Бүлэг my diary | 4 Сэтгэгдэл »

Хэн нэгийг хүлээгээд л…

Бичсэн saraana , 7 сарын 25, 2008

За ёстой удаан алга болсонд sorry. Үнэндээ хүүхэдтэй болно гэдэг тийм ч амархан ажил биш юм байна. Цагаасаа өмнө доош дээшээ гарчих гээд, эмнэлэгт нэг хэвтээд эмчилгээ нэг хийлгээд л юун блог хөтлөх манатай. Одоо хажуудаа нэг дагуултай хамт байдаг болсон. Төрж нярайлахад хэрэгтэй бүх юмаа хажуудаа байлгаастай. Их бужигнасан ажилтай байгаад сурчихсан чинь зүгээр суухаар завтай болоод л хийх юмгүй санагдаад бүр хэцүү. Энд тэнүүгээр хэсээд хувцас хунар сонирхоод л элдэв хэрэгтэй хэрэггүй юм цуглуулаад л явж байна . хувцас хунар гэснээс одоохон төрөх гэж байгаа болохоор жирэмсний хувцас авах сонирхолгүй, төрөөд ямар хэлбэр галбиртай болохоо мэдэхгүй байгаа болохоор хээнцэр хувцас ч авах сонирхолгүй нэг тийм дундын амьтан л явж байна. Хүүхнүүд энд тэндгүй нимгэлээд гоёж гангалаад байхаар бяцхан атаархаад байх юм аа. Халуунд жирэмсэн байх гэдэг тийм ч дурламаар эд биш байна аймаар хэцүү бөгчимдөөд. Шөнө унтахаараа нөхрөөсөө таг хол хэвтээстэй, даанч нойронд дунд тас тэвэрч аваад, халууцуулаад дээр нь тэрнээс нь болж хар дарж зүүдлээд нэг иймэрхүү л байх шив дээ. Гарах гэж байгаа, амьдралыг амтлах гэж байгаа хөөрхөн хүүхдээ хүлээгээд л.. Амьдралыг чамдаа халуунтай нь хүйтэнтэй нь сайнтай муутай хатуу чангатай тэр чигээр нь амтлуулмаар байна оо.

Бүлэг my diary | 2 Сэтгэгдэл »

Жирэмсэн хүн ядарч болохгүй

Бичсэн saraana , 6 сарын 3, 2008

Хүүхдийн баяр болоод ах дүү хамаатан садан, хадам энэ тэрийн баахан хүүхдийг аав ээжтэй нь хооллож ундалсаар байгаад хоёр өдрийг өнгөрөөв. Жаахан бөхийгөөд л юм хийхээр нуруу өвдөөд эргэж хөрвөөж ч болохгүй юм. Гэхдээ хүүхдүүд баярлуулж байгаа болохоор гүрийгээд л хийгээд байлаа. Тэгээд ах дүүгийн хүүхдүүдийг явуулчихаад жаал амсхийж байгаад гал тогооны өрөөгөө цэвэрлээд шалаа угааж байтал хүү минь орж ирснээ. Ээжээ би угаая гэлээ. Хүн болох гэж ирснээсээ хойш нэг ч удаа шал угааж үзээгүй хүү маань тэгж хэлэхэд нь би гайхаад „Яагаад чи шал угаах гэж байгаа юм бэ?“ гэж асуухад „Та ядарч байгаа шүү дээ “ гэж байна. Хүүхдээ гэж ээжийгээ гэх сэтгэлийг хүнээс харж биш өөрөө бодож тунгаагаад гаргаад ирж байгаа юм даа. Энүүгээрээ л хүн адгууснаас ялгагддаг байх даа. Манай залуу хүртэл ийш тийшээ явж юм цуглуулж ирсэн хүмүүсийг хөгжөөсөөр байгаад их ядарчихсан байна лээ. Орондоо орсон хойноо „Хүүхдийн баярыг дараа жил хүүхдүүдтэйгээ л тэмдэглэнэ шүү“ гэж ирээд л эрхлээд байсан. Бас айлын том хүүхдэд яагаад хүмүүс бэлэг өгөхгүй байна аа гэж ирээд л хошигноод байсан. Хаяа нээрээ л айлын том хүүхэд шиг байдаг шүү. Намайг буйдан дээр хэвтэхээр л хүүгээсээ түрүүлж ирээд л хажуугаар ороод тэвэрч ирээд л хэвтэнэ. Хэд хоног чихэр жимсийг нь хориогүй болохоор хүүхэд бүр өдөр болгон амттан идээд, шүдэнд нь л хор болох байх даа. Яана аа ер нь гэрийн эзэгтэй шинжиндээ орчихжээ би. Нээрээ сониноос нэгэн сургууль ирэх жилээс цагийн багш болж хичээл заагаач гэж байна. Сонирхолтой санагдсан. Оюутнуудын сэтгэхүй, шинэчлэлийн менежмент, бизнесийн талаархи ойлголт хэр байдаг бол!!! Харин миний энэ их ажил дээр нь нялх хүүхэд зэрэг завгүй их ажил садаа болчихгүй бол ч их зугаатай санагдаад байгаа шүү. Өөрийгөө сайн хөгжүүлмээр байна аа. Ялангуяа мэргэжлээрээ. Сурах зүйл их байгаа боловч бас сургахгүй байх амьдралын хүчин зүйл гэж бас байх юм даа.

Бүлэг my diary | 2 Сэтгэгдэл »

Аниргүйн гүнд уусья гэж бодсийм

Бичсэн saraana , 5 сарын 28, 2008

За хө dairy хөтлөлгүй их удсан байх чинь вэ? Тийм боломж бололцоо энэ өдрүүдэд надад байсангүй ээ. Зүгээр л аниргүйн гүнд алслан одож дотоод ертөнцдөө уусюу л гэж бодсийм. Өөрийгөө чагналаа. Би хэн юм бэ? юу хийгээд, хаагуур яваад энэ орчлон дээр оршин тогтноод байгаа юм бэ гэж. Өдий хүртлээ шударга үнэнээр, сайн хүний замналаар явсан болуу. Ер нь шударга үнэн сайн хүн, зөв амьдрал гэж юу юм бэ? тийм байснаараа ямар давуу талтай юм бэ? Өөрийгөө хувьд зөв байж, өөртөө л сэтгэл хангалуун байвал болоо юм биш үү гэж бодсоор өдийг хүрсэнсэн. Нэг мэргэн хүний үг ч санаанд орж байна. Хэн юу гэж хэлж юу болж байна хамаагүй өөрийнхөөрөө л бай гэж. Гэтэл зарим талаараа буруу ч юм шиг. Мэдэхгүй юм даа. Бүхнийг мэдэгч төгс төгөлдөр Сидхарта биш болохоор.. Ертөнцийн үнэнийг өөрөө мэдэрч амсахын төлөө бага боловч гэгээрэх юм сан. Хэзээ ч билээ нэг зохиолчийн хэлж байсан „Хүн болгон бага ч гэсэн гэгээрсэн байдаг. Энэ нь яаж илэрдэг вэ гэхээр зарим үед гэнэтхэн би ер нь хэн билээ гэж бодогдох ч юм уу, шалтгаангүйгээр амьдрал утгагүй санагдах үе гардаг. Тэр бол гэгээрлийн нэг шинж “ гэж хэлж байсан санагдана. Хэ хэ хэтэрхий философдчихлоо. Зүгээр л их удаан блогоо хөтлөөгүйн учир нь өөрийгөө хэн гэдгийг мэдэхээ байчихаад аниргүйн гүнд уусаж өөрийгөө дахин шинэ эрч хүчтэйгээр олж авах гэсээр байгаад удчихлаа.

Бүлэг my diary | 6 Сэтгэгдэл »

Зайсан толгой

Бичсэн saraana , 5 сарын 22, 2008

өчигдөр зайсан толгой гараад гэхдээ бүр орой. Хүүгээ хадмынх руу явуулчихсан чинь гэр эзгүй оргиод л оройд хийх юм олдохгүй бид хоёр 21 болж байхад зайсан толгойг зорив. Бороо орсон байсныг ч хэлэх үү агаар гэж жигтэйхэн сайхан. Бид хоёр ирээдүйнхээ талаар их зүйлийг ярилцаад их сайхан байлаа. Харин шатаар нь өгсөх ёстой нэг амьсгаадаж байна лээ. Зүрх бүр надад мэдрэгдээд чанга чанга цохилж байгаа юм чинь. Яана аа ингэтлээ ширээний ард комьпютер ширтээд суучихсан байх гэж. Хөл гарын жинхэнэ үүрэг ямар байдгыг мартах шахаж. Хамгийн инээдтэй нь машинаа зайсангийн дунд хэсэгт тавиад хэдхэн шат алхсныг нь яана. Та нар оройд нэг Зайсан гараад үзээрэй ямар гоё байсан гээч. Бага зэрэг сэрүүн тунгалаг агаар энд тэндгүй хөгжил цэцэглэлт оргилж буй илтгэх их хотын янз бүрийн гэрэлүүд. Бид хоёр бие биенийгээ тэврээд л тэнд байх залуухан охид хөвгүүдийн адилаар элдвийг ярилцав. Түүнийхээ энгэрт наалдчихаад хэлж байгаа үгсийг нь чихний хажуугаар өнгөрүүлэн үе үе үнсүүлэх гэж духаа уруулд хүргээд зогсох үнэхээр сайхан байлаа. Миний залуу яахав дээ үеийнхнийхээ нэгэн адилаар ийм бизнес тийм бизнес, хот төлөвлөлт, цахилгаан дулаан гээл янз бүрийн юм ярьж байна. Нээрээ нэг сэтгэл эмзэглүүлсэн зүйлс нь нөгөө их тусгай хамгаалалттай бүсэд чинь өөрөөр хэлбэл зайсан толгойн эргэн тойрны ногоон бүсэд том дарга нар том том хашаа татаад алга дарам зай ч үлдээлгүй авчихаж. Монголд мөнгөтэй танил талтай л бол бүхнийг хийж болно оо гэж. Ядуу хүнд л нөгөө их хууль нь ном ёсоороо үйлчлэх юм даа. Бусдад нь хууль биш гууль болсон болтой дог оо. Бас зайсан толгойд гарагсдын нас залуужаад арван жилийнхэн их гардаг болчихжээ. Бас архидалд, муухай хэллэгүүд дүүрэн байна лээ. Жаахан сууж байгаад явах уу миний хайраа гэтэл - тэгье ээ хоёулаа гээд хотын төв рүү явлаа. Мэдээж гэртээ орохоосоо өмнө хоёр шил пиво авав. Оройд нээрээ 100 грамм пиво уудаг болсон ш дээ. Үлдсэнийг нь манай залуу. Би шилээр нь пиво уух дуртай. Манай залуу өөрийн том грушикээ дүүргэж байгаад доод ёроолд нь зуун грамыг үлдээж байгаад л надад өгдөг. Нээрээ хүүхэд томроод зөөлхөн хөдөлдөг байснаа одоо бүр ээжийнхээ гэдсэн дотор бүжиглээд байгаамуу уурлаад байгаамуу хөлөөрөө өшиглөж гараараа балбаж ийш тийшээ тэлчигнэж өгч байна өө. Гэдсээ гаргаад яг хөдөлж байхад нь харахаар нэг эвгүй гэдэсний хэлбэр тэр чигээрээ ийш тийшээ яйжигнаад их сонион. Бид хоёр пиво уунгаа би гэдсээ илээд хэвтэж байтал хүү маань гэдсэн дотор хөлөөрөө тийрч хөл нь бүр томбойгоод гэдэсний цаанаас мэдэгдээд байхаар нь гараа зөөлхөн дарж байгаад цааш нь түлхчихсэн чинь залуу маань уурлаад хүүхдийн хөл гар гэмтээлээ ш дээ гээд бүр жинхнээсээ загнаад байгаа юм чинь. Залуугийнхаа хийж өгсөн кимбаб идэнгээ пиво уугаад суух сайхан байсан шүү. Инээдтэй нь дан биетэй байхдаа. Хоёр шилийг ч цааш нь харуулах хугацаанд 100 грамыг л ууж байгаа юм чинь.

Бүлэг my diary | 5 Сэтгэгдэл »

Эмээгийн ботинк

Бичсэн saraana , 5 сарын 14, 2008

За ойрд Dairy бичилгүй их удаж дээ. Жирэмсний амралт авах дөхөөд ажил бас давхцаад л… энэ ажлын газрынхан жирэмсэн хүнийг жаахан ч гэсэн хүндэлдэггүй юм байх даа. За тэгээд мэдлэгэтэй мэргэжилтэй хүнийг хэнээр ч орлуулах билээ дээ :) / hudlaa bardamnal/ Хүү байхгүй нөхөр бид хоёр эрх багынх шиг сайхан байна аа. Налигнаал наалдаал. Орой их дэлгүүр циркийн талбай зэргээр баахан алхав. Явган явах биенд сайн ч дэндүүлчихсэн байна лээ. Шөнө гэдсээр өвдөөд хүүхдээ гаргачих шахав.

Аан тэгээд хүүгээ нөгөө нэг гайтай халдварт өвчний хорионд орчихоор нь аав ээж дээр хэд хоног аваачаад өгчихсөн чинь байхгүйд нь гэрт хийх юмгүй эвгүй ч юм шиг. Хүний сэтгэлээ гэж завгүй байхаар их ажилтай гэж уур хүрээд, завтай болохоор хийх ажилгүй дургүй хүрээд л. Бие давхар биш байсан бол ч пиводаж өгөхгүй юу? Өндөр өсгийтүүд хорионд ороод намхан зуны ботинк авлаа. Газарт наалдсан бэтэг шиг юм л болчихсон шиг санагдаад. Угийн намхандуу болохоор ер нь намхан ултай гутал өмсдөггүй л дээ. Тэгээд нөхөртэйгээ хамт дэлгүүр хэсэж байж энэ зуны хоёр сар л өмсөх юм чинь гээд биед амар үнэ багатай нэг ботинк авав. Дээгүүрээ оломтой хоншоор нь үрчгэр бууз чимхсэн юм шиг юм шиг болохоор нь буузан ботинк гээд л нэрлэчихсэн. Миний хөл жижигхэн дээр нь буузан ботинкоо өмсөөд дажгүй л хотын гудмаар алхалж байна оо. Яг эмээ шиг болцон хавар болоод харчуул хүүхэнд нүд унагаад байхад намайг хяламхийж харах ч хүн алга аа. Харин ээжид минь миний буузан ботинк их таалагдаад байгаа. Төрсний дараа биед эвтэйхэн хөлд амар тэр ботинкийг авах гээд л байгаа. Ингээд л моод хөөсөн хүүхэн эмээ нарын дуртай хувцас өмсөх гэж сонин юм шүү.

Бүлэг my diary | Сэтгэгдэлгүй »

Аймшгийн хар дарсан зүүд

Бичсэн saraana , 5 сарын 6, 2008

Мэдэхгүй ээ ойрдоо нэг л муухай хар дарсаар байна. Нэг бол нохойд хазуулж байна гээл нэг бол бурхан болчихсон аавынхаа талаар буруу төсөөллөөр зүүдлээд л.. тэгээд би хүний хөлийн чимээнээр үүрээр сэрчихээд байх юм. Жирэмсэн болсноос хойш би тусдаа ганцаараа унтах дуртай болчихсон. Ойрдоо ер ганцаараа том өрөөндөө унтаад байгаа. Нөхөр хүү хоёр маань хамт унтдаг болсон. Тэгтэл аймаар зүүд зүүдлээд хүний хөлийн чимээнээр сэрсэн болоод ч тэр үү чөтгөр шулам энэ тэрээ нь бодогдоод шууд л хөнжлөө аваад унтлагын өрөөндөө ороод нөхрийнхөө хажуугаар шургалав. Аймаар айсаан би. Гэтэл нөхөр - миний хайр яасан яагаад хүрээд ирэв. - Би аймаар зүүд зүүдэлснээ яриад бас хүний хөлийн чимээнээр сэрснээ хэлэв Гэтэл нөхөр юу гэсэн гээч „ганцаараа оршин тогтнохоор тэгдэг юм.“ гэдгийн. Одоо ч нөхрийн бөөрнөөс салахгүй болсон байхаа. Сүнс чөтгөр шулам гэдэг чинь үүрээр ихэвчлэн үзэгддэг гэж сонссон юм. Ядаж байхад бүх зүйл таараад байх юм. Би үүрээр сэрсэн. Гэхдээ нээрээ л би хүний хөлний чимээнээр л сэрсэн юм даа. Нэг нүцгэн хөл паркетан шал нужигнуулаад л хоёр алхсан. Сэрснээс хойш ш дээ. Аймаар аа. Манайх арай сүнс буг чөтгөртэй юм биш байгаа даа.

 

Бүлэг my diary | Сэтгэгдэлгүй »

Энэ зун сайхан зун болох болно оо

Бичсэн saraana , 5 сарын 6, 2008

Хөөх гадаа цас ороод л ямар гоё юм бэ? тэнгэр бүрхээд манан татаад л жижигхэн жижигхээн ширхэгтэй цасууд хотын шуугиан машины хөл хөдөлгөөнийг ч мартагдуулахаар тайван цацлан хаялж шууд газар унаад хайлах юм. Сэтгэлд нэг л тайван үргэлж яарч сандарч ажлаа амжуулах гэж зүтгэдэг миний хувьд ч тайвширч хамаг ажлаа хойшлуулаад блогоо бичиж сууна. Миний яг одоо хүсэж байгаа зүйл юу гээч. Энэ зун сайхан зун болоосой гэж хамгийн ихээр хүсэж байна даа. Мал сүрэг нь тайван идээшлэх ногоон бэлчээртэй. Урсгал гол нь эрэг савандаа багтан ядан бялхаж, атрын 3-р аянг дэмжиж байгаа юм шиг тариан талбайд нь үрсэлгээ ногоо нь хатаж гандалгүй сайхан ургаасай гэж. Ингэхийн тулд хур бороо хэрэгтэй байна. Хуртай устай, нартай найртай сайхан зун болоосой. Монгол хүн амны билгээс ашдын билэгт хүрнэ гэж Энэ зун сайхан зун болох болно оо

Бүлэг my diary | 2 Сэтгэгдэл »